Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын ахмад ажилтан, Ёндонгийн Дондог Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цолоор шагнагдлаа

Нийтэлсэн: 2024-07-08

 

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн босгон дээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Ёндонгийн Дондог Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдаж, төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

Монгол Улсын зөвлөх инженер, ахмад ажилтан Ёндонгийн Дондог 1942 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт “Барт” хэмээх газар төрсөн. Ё.Дондог 1961 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1966 онд Монгол улсын их сургуулийг  цахилгааны инженер мэргэжилээр дүүргээд, 1999 онд шинжлэх ухаан техникийн магистрын зэрэг хамгаалж, 2001 онд Монгол улсын Зөвлөх инженер болсон юм.

1966-1989 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газрын Реле хамгаалалт автоматикийн инженерээр 23 жил, 1989-1993 онд ерөнхий инженерээр, 1993-1997 онд даргаар, 1997-2001 онд инженерийн албаны даргаар, 2001-2007 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт инженерийн хэсгийн ахлах инженерээр тус тус ажиллаж байгаад 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 2007-2008 онд ШУТИС-ийн “Дархан” салбарын Эрчим хүчний тэнхимийн реле хамгаалалт, автоматикийн багш, 2008-2009 онд “Дархан” Олон улсын худалдааны төвийн цахилгаан хариуцсан зөвлөх инженер, 2010-2011 онд Улиастайн цахилгаан станцыг хүлээн авах үед зөвлөх инженер, 2011 онд Төвийн бүсийн салбарт зөвлөх инженерээр ажиллаж, мэргэжлийн ур чадвараараа Төвийн бүсийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан салбарын шилдэг инженерүүдийн нэг билээ.

Эрчим хүчний салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан дамжуулах сүлжээний шилдэг инженер Ё.Дондог 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулж, 57 жилийн түүхтэй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төдийгүй эрчим хүчний салбартаа тод мөрөө үлдээж байна.

Компанийн үе үеийн ахмад настан, ажилтан, албан хаагч нарын нэрийн өмнөөс танд баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.