Салбарын болон компанийн эрхэм хүндэт ахмад буурлууд, ажилтан, албан хаагч та бүхэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн энх мэндийн ерөөлийг өргөж, амар амгаланг айлтгая.
Улиран одож буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилд дамжуулах сүлжээний шилдэг инженер ахмад ажилтан Ё.Дондог нь төр засагтаа хийсэн бүтээснээ үнэлүүлж Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулж, 2024 оны УИХ-ын сонгуульд эрчим хүчний салбараас М.Энхцэцэг гишүүнээр сонгогдсон бахархам жил байж чадсан юм. Компанийн маань хувьд аюулгүй ажиллагааг эрхэмлэн эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангаж, түүхэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн, дэвшилтэт технологийг ашигласан амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.
Угтан золгож буй могой жилийн босгон дээр эрчим хүчний салбарын “Шилдэг инженер”-ээр Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын хэлтсийн хэмжүүр, тоолуурын инженер Б.Золбоо, “Шилдэг мастер”-аар Улаанбаатар салбарын Засварын албаны дэд станцын мастер Б.Буяннэмэх, “Шилдэг ажилтан”-аар Хангайн бүсийн салбарын Засварын албаны шугам засварын монтёр Г.Баттөмөр нар манай тодорсон бахдам үйл явдал боллоо.
Жаран жилийн түүхээ бүтээх гэж буй дамжуулах сүлжээний хамт олон, үе үеийн ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтан та бүхэндээ Монгол түмний зан заншил, өв соёлын дээд болсон сар шинийн баяртаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, дэлгэр сайхан шинэлэхийг ерөөе!
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАШДАВАА
© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.