Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2019 оны шилдэг 10 ажил

Нийтэлсэн: 2020-01-23

Нэг. 220/110 кВ-ын Ил хуваарилах байгууламж-4 дээр автотрансформатор-1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулж, Монгол улсын эрчим хүчний системийн эх үүсвэрийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэв.

 

Хоёр. Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа 200 МВА хүчин чадалтай автотрансформаторын засварын ажлыг Украин улсын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болов.

Гурав. Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Хүчит шонхор дэд станцыг шинээр барьж, 107, 108, 109, 110 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах утсыг сольж, агаарын шугамын дамжуулах чадварыг сайжруулсан, утаагүй шахмал түлшний үйлдвэрийг цахилгаанаар хангах зориулалттай, 110/10 кВ-ын 2х25 мВА-ийн хүчин чадал бүхий ПРП-110 дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж, тус тус ашиглалтад оруулснаар нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмрээ оруулав.

Дөрөв. Оюутолгойн уурхайг төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчээр хангах дамжуулах сүлжээний дэд бүтцийг барьж байгуулах ажлын хүрээнд 220/110/35 кВ-ын Мандал дэд станцыг шинээр барьж, Чойр-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлснээр өмнийн говийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулав.

Тав. Ачаалал өндөртөй дэд станцуудын схем, горим ажиллагааг сайжруулах зорилгоор Мандалговь, Баясгалант, Зүүнхараа, Бугант, Улаанхуаран, Баянхонгор, Мөрөн зэрэг дэд станцын хүчний трансформаторуудын суурилагдсан чадлыг 44 мВА-аар нэмэгдүүлснээр хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тогтвортой  ажиллагааг хангав.

Зургаа. Монгол Улсын Зүүн-Өмнөд бүсэд нар салхины эх үүсвэрүүд шинээр ашиглалтад орсонтой холбогдуулан 207, Айраг, Сайншанд, Замын-Үүд цахилгаан дамжуулах агаарын шугамуудад өндөр давтамжийн хоригтой үндсэн хамгаалалт, өндөр үелзлэлийн постыг төхөөрөмжүүдийн хамт шинээр суурилуулан ашиглалтад оруулав. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын найдвартай ажиллагааг нэмэгдүүлэв.

Долоо. Алтай-Улиастайн эрчим хүчний системийг 110 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэн Төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулах техникийн боломжийг бүрдүүлэв.

Найм. Олон жилийн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байсан 205, 206, 208, Үйлдвэр-110 өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын зурвасын нягтрал ихтэй хэсгийг бүрэн чөлөөлж, хаалт, хашилт, анхааруулах санамж байрлуулан, ард иргэд, олон нийтэд бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр зөвлөгөө, сурталчилгаа явуулав. Ингэснээр эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй байдлыг сайжруулж, эрчим хүчний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллав.

Ес. Говийн бүсийн салбарын оффисийн барилга, компанийн агуулахын барилга, Улаанбаатар салбарт 8 автомашины гараж тус тус шинээр барьж, ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг сайжруулав.   

Арав. Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан “Спортын их наадам-2019” тэмцээнд амжилттай оролцож, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, шатрын төрөлд эмэгтэй баг алтан медаль, ширээний теннисний төрөлд эрэгтэй баг мөнгөн медаль тус тус хүртэж, багийн нийт дүнгээр эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудаа тэргүүлэн, “Үнэмлэхүй аварга баг”-аар шалгарч цомын эзэн болов.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.