Эмгэнэл

Нийтэлсэн: 2024-07-02

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, тус компанийн ахмад настан, зөвлөх инженер, магистр, эксперт Доржхүүгийн Жанчив нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Д.Жанчив нь 1946 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Булган сумын нутаг Урт булаг хэмээх газар төрсөн, 1955-1965 онд Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1965-1970 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1987 онд Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1989 онд Удирдлагын хөгжлийн академийг төгсөн цахилгааны инженер мэргэжил, нам улс төрийн дээд боловсрол эзэмшсэн.

1970-1973 онд Эрчим хүч борлуулах газрын харъяа Дархан-Сэлэнгийн конторт техникч, байцаагч инженер, ахлах инженер, 1973-1984 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газрын Эрчим хүч борлуулах хэлтсийн дарга, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, 1984-1986 онд Төвийн эрчим хүчний системийн орлогч дарга, 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трестийн дарга, ерөнхий инженер, 1991-2001 онд Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер, орлогч дарга, дарга, 2001-2007 онд Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн Эрдэнэт-Хархорины салбарын даргаар ажилласан.

Өвөрхангай, Архангай, Дорноговь, Хэнтий аймгуудын болон Бугантай-Их алтын 110 кВ-ын 447,3 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Мөрөн-Хатгалын, Есөнбулаг-Бигэрийн 35 кВ-ын 300 орчим км агаарын шугамыг барих ажлыг удирдан зохион байгуулж, Төвийн эрчим хүчний системийн байнгын цахилгаан хангамжид амжилттай холбосон.

220 кВ-ын Улсын хил-Дархан-Улаанбаатарын цахилгаан дамжуулах агаарын шугам, Дархан 220/110/35 кВ-ын 2х63 МВА дэд станцын угсралтын хяналт, ашиглалтын техникийн удирдагчаар, Налайх-Салхитын салхин паркийн 110 кВ-ын шугам барих бүтээн байгуулалтын их ажлын төслийн удирдагчаар үр бүтээлтэй ажиллаж хамт олондоо хүндлэгдсэн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон Эрчим хүчний салбарын шилдэг удирдах ажилтнуудын нэг байсан юм.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан.

Эрхэм таны даруу төлөв, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч зан чанар гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон бид бүгдийн сэтгэл зүрхэнд үүрд хүндлэгдэн дурсагдах болно.

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.