Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д ажиллалаа

Нийтэлсэн: 2022-05-24

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын ажилтнуудтай хийх уулзалтын хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д 2022.05.24-ний өдөр ажиллалаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Тавинбэх “Дэлхий нийтэд үүсээд буй цар тахал болон дайнаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй үед ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр эрчим хүчээр найдвартай хангах үйлсээ хариуцлагатай биелүүлэхээс гадна өргөтгөл шинэчлэлийн ажлаа амжилттай хэрэгжүүлж, 2021-2022 оны өвлийн их ачааллыг давахад ачааны хүндийг үүрэлцсэн танай компанийн хамт олонд Монгол улсын Засгийн газар, эрчим хүчний салбарын хамт олны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Тус уулзалтаар сайд Н.Тавинбэх Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдан хийгдсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, “Шинэ сэргэлтийн бодлого”-н хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэх ажлууд, “Хэмнэлтийн тухай хууль” болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, ажилчдын санал хүсэлтийг сонсож, нээлттэй ярилцлаа. Ярилцлагад гол төлөв нийгмийн асуудал, цалин хөлс нэмэгдүүлэх тухай дурдагдаж байв.

Уулзалтад Төв удирдлага, Улаанбаатар салбарын ажилчид биечлэн оролцсон бол бусад салбарын албан хаагчид 140 цэгээс онлайнаар хамрагдаж цахим захидлаар асуултаа илгээж хариулт авсан юм.

Сайд Н.Тавинбэх 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг энэ оны 10 сарын 01-ний дотор дуусгах, ажилчдын  сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн осолгүй ажиллаж, авлагыг бууруулах зэрэгт онцгой анхаарахыг үүрэг болгов.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.