Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын нээлт болов
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт бүтээн байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын нээлт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болж, тус арга хэмжээнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу болон төлөөллүүд оролцлоо.
Уг үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18,8 км урт төмөр зам, 16,8 км хүнд даацын хатуу хучилттай автозам, Сайншанд суманд байрлах 110 кВ-ын 18,3 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10 кВ-ын дэд станцыг барьж байгуулсан юм.
Мөн нээлтийн үеэр бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, мэргэжлийн ур чадвар гарган ажилласан компанийн Зүүн-Өмнөд бүсийн салбарын засварын монтёр А.Энхжаргал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр, Реле хамгаалалт автоматик, хэмжилт, туршилтын албаны ахлах бөгөөд реле хамгаалалт автоматикийн инженер Б.Мягмарсүрэн Эрчим хүчний яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн засварын инженер Д.Доржпүрэв, Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн худалдан авалт, хангамжийн мэргэжилтэн Н.Бодьгэрэл, Зүүн-Өмнөд бүсийн салбарын Сайншанд хэсгийн реле хамгаалалт автоматикийн инженер М.Төрмандах, ашиглалтын инженер Л.Бямбадорж, жолооч Д.Ганбаатар нар Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн болон орон нутгийн талархалын бичиг, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.