Эх орондоо илч гэрэл түгээх эрхэм үйлсийн үе үеийн эзэд болон хамт олондоо “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жил, Монгол улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр манай компани 55 нас хүрч байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь 2001 онд байгуулагдсан боловч дамжуулах сүлжээ үүссэн он тооллыг авч үзвэл тэртээх 1967 он руу очих хэрэгтэй бөгөөд Дархан хотын Дулааны цахилгаан станцын хуваарилах байгууламжаас 110 кВ-ын ЦДАШ-аар Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станц-3 дахь ил хуваарилах байгууламжтай холбогдсоноор эх үүсвэрүүд болон хот хооронд цахилгаан дамжуулах сүлжээ албан ёсоор үүссэн юм. Энэхүү түүхэн өдөр бол 1967 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бөгөөд тэр үеэс хойш дамжуулах сүлжээ 55 дахь жилийнхээ хөгжлийн түүхэн цаг үедээ ирээд байна.
Он цагийн тоолол, өнгөрсөн цаг хугацааг дүгнэж үзэхэд дамжуулах сүлжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын чухал томоохон компаниудын нэг болж, өргөжин тэлж, үнэ цэнэ, ач холбогдол нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Ахмад үеийнхний хүч хөдөлмөр , хичээл зүтгэлээр сүндэрлэсэн өнөөдрийн амжилт ололт бүхнийг бид бататган ахиулж, ирээдүй хойчдоо хүлээлгэн өгөх их хариуцлагын өмнө бат зогсох эрхэм үүрэгтэй билээ. Хором мөч бүр үнэ цэнэтэй бөгөөд хөгжил дэвшлийг шаардаж байдаг дамжуулах сүлжээний нийт ажиллагсдадаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эрүүл энх саруул сайхныг ерөөе.
Монгол улсын эрчим хүчний салбар дэвжин дээшилж, мандан бадрах болтугай.
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.НЯМСАМБУУ
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.