Мэндчилгээ

Нийтэлсэн: 2022-07-09

Эх орныхоо өргөн уудам нутгийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах их үйлсээ нэр төртэй биелүүлж байгаа компанийн хамт олондоо ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ардын хувьсгалын түүхт ойтой зэрэгцэн салбарын 100 , компанийн 55 жилийн ой тохиож буй энэ үед  бид бүхэн  бүтээн цогцлоосон бүхнээрээ бахархаж, ахмад үеэ хүндэтгэн дурсаж, өнөөдрийн ачааг үүрч байгаа залуучуудаа үлгэрлэн дагуулж, эв хамтын зүтгэл дор ололт амжилтаа тэмдэглэж байна.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ нь сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд 220/110 кВ-ын Сонгино, Мандал, Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга дэд станцууд, тэдгээрийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, ашиглалтад өгөх зэрэг томоохон  бүтээн байгуулалтыг өрнүүлсэнээс гадна засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийн ажлыг цаг тухай бүрт нь  амжилттай гүйцэтгэсээр ирсэн  билээ.

Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  220 кВ-ын Мандал-Арвайхээр, Багануур-Чойр-Чингис-Сайншанд-Цагаансуварга зэрэг дэд станцуудын өргөтгөл, тэдгээрийг холбосон өндөр хүчдлийн агаарын шугам сүлжээг барих,  Оюутолгойн үйлдвэрийн цахилгааны хэрэглээг Төвийн эрчим хүчний нэгдсэн системээс хангах шугам, дэд станцыг барих  зэрэг бүтээн байгуулалтын их ажлууд биднийг хүлээж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд жилүүдэд ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр эрчим хүчээр найдвартай хангах үйлсээ хариуцлагатай биелүүлсэн компанийн хамт олондоо талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, хоёр жилээр алгасарсан Монгол түмний их цэнгэл баяр наадмаа  сэтгэл тэнүүн тольдож дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадахын ерөөл өргөе.

 

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ

ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

 Б. НЯМСАМБУУ


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.