Дэлгэр Монгол орныхоо өнцөг булан бүрт гэрэл гэгээ бадраах эрхэм үйлсийн эзэд болсон салбарын болон компанийн хамт олон үе үеийн ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууддаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Өнгөрөн одож буй 2022 онд цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай дамжуулах амин үүргээ нэр төртэй биелүүлж, 55 жилийн түүх бичсэн дамжуулах сүлжээний хамт олон ололт амжилтаар дүүрэн байлаа. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК энэ онд хийсэн шилдэг ажлуудыг дурьдвал:
- 110 кВ-ын Хархорин АШ-д шувуу үргээгч суурилуулах, аэродинамик тусгаарлагчаар солих ажлуудыг гүйцэтгэснээр шугам тоноглолын найдвартай ажиллагаа дээшилсэн.
- Түлш эрчим хүчний улсын албаны гамшгийн үед ашиглах тоон системийн радио холбоог Улаанбаатар хотын орчимд ашиглах зориулалттайгаар шинээр суурилуулан холбосон. Тус холбоог ЭХЯ, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК компаниуд одоогийн байдлаар ашиглаж байна.
Өнгөрөн одож буй 2022 онд манай компанийн хувьд гадаад дотоод харилцаагаа өргөжүүлж, үйлчлэх хүрээгээ тэлэх хөгжлийн бодлогод ач холбогдол өгсөн жил байв. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс “Оюутолгой” уурхайг цахилгаанаар хангах гэрээ болон “Сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эрчим хүчний салбарт хийгдэх томоохон ажлуудын нэг болох эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурыг 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахад хамтран ажиллах гэрээг үзэглэсэн.
Дамжуулах сүлжээний бат бэх шугам болсон хамт олондоо айлчлан ирж буй шинэ ондоо эрүүл энх, саруул сайхан байж, ажил хөдөлмөрийн талбарт гавъяа алдраа дуурсгаж, компанийхаа нэр алдрыг өндөрт өргөж явахыг ерөөе!
Монгол улсын гал голомт машид бадран, ашид гэрэлтэх болтугай.
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДАШДАВАА
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.