Уудам эх орныхоо хөгжлийн тулганд хөдөлмөр зүтгэлээрээ цучил нэмж, мөнхөд бадрах илч гэрлийн талбарт чин сэтгэлээ бадрааж байдаг компанийн ажилтан, албан хаагчид болон салбарын хамт олондоо XVII-р жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Харьж буй усан бар жилд Эрчим хүчний салбарын 100 жилийн ойтой зэрэгцэн компанийн 55 жилийн ой тохиосон түүхэн он цаг байлаа. Мөн манай компанийн хувьд Монгол улсын засгийн газраас Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллах гэрээ болон санамж бичиг үзэглэсэн төдийгүй тэдгээрийн бүтээн байгуулалтын нөр их ажлыг гүйцэтгэх эрхэм үйлсийн эхлэлийг тавилцсан юм.
Угтан ирж буй усан туулай жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай дамжуулах, үйлчлэх хүрээгээ тэлэх, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Эрчим хүчний салбарт хийгдэх ажлын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, үндэсний компанийн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх хариуцлага бидэнд ирж байна.
Хагас зуун жилийн түүхтэй дамжуулах сүлжээний үе үеийн ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтан та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж, Монгол түмний зан заншил, өв соёлын дээд сар шинийн баяртаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан дэлгэр сайхан шинэлэхийг ерөөе!
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАШДАВАА
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.