Мэндчилгээ
Дэлгэр уудам эх орны дөрвөн зүг найман зовхист илч гэрлийг бадраах үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн, хөдөлмөр бүтээл, авьяас чадвараа харамгүй зориулж яваа эрчим хүчний салбарын нийт ажилтан албан хаагчид болон дамжуулах сүлжээниий инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмад буурлууддаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье!
Улиран одож буй 2023 онд Эрчим хүчний салбарын 100 жилийн ой тохиож, арван арванд цогцлоосон бүхнээрээ бахархаж, гавьяа үйлсээ алдаршуулах мөчид манай компаниас төрийн дээд одон медалиар 16, эрчим хүчний болон бусад салбарын тэргүүнээр 38 ажилтан тус тус шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн билээ.
Мөдхөн 60 жилийнхээ ойг дархлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хамт олон хичээл зүтгэл, амжилт ололт дүүрэн энэ оныг үдэж байна. Түүхийн нэгэн хуудас дор илч гэрлийн салбарын намтарт гавьяат үйлсийн мөрөө үлдээж, 2023 онд хийж бүтээсэн томоохон ажлуудаас дурдвал;
- “Сонгино” батерей хуримтлуурын станцыг эрчим хүчний нэгдсэн системд залгаж зүгшрүүлэлт хийсэн. Уг батарей хуримтлуурыг ажиллагаанд залгаснаар өвлийн оргил ачааллын цагуудад оргил ачааллыг хааж оролцох шилжүүлэх, импортын эрчим хүчний хэмжээ буурах боломжтой болсон.
- Хяналт, удирдлагын мэдээллийн SCADA системд, “Улаанбаатар” салбарын шилэн кабельд холбогдсон 28 дэд станцыг хамарсан сүлжээ үүсгэсэн. “POWER SCADA” системд Төвийн бүсийн салбарын 110/6 кВ-ын “Давхар”, “Бурхант”, “Үйлдвэр” дэд станцуудын РХА-ийн төлөв байдлыг оруулан алсаас удирдах боломж бүрдсэн.
- Багануур дэд станцын 220 кВ-ын ИХБ-ийн өргөтгөл, РХА-ийн шинэчлэлт, 220 кВ-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 220 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
- Монгол Улсын “Оюутолгой” төсөлд зориулж, “Өвөр- Монголын Эрчим хүчний Олон Улсын Хамтын ажиллагааны компани”-тай “Цахилгаан эрчим хүч худалдан авах, худалдах тухай гэрээ"-ний хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг сунгаж, “Нэмэлт гэрээ”-г 2023.05.12-ны өдөр байгуулсан.
- 110 кВ-ын Ерөө-Бугант ЦДАШ-ын тасралтын судалгаа, тооцоонд үндэслэн ОХУ-ын “Полимер аппарат” компанийн үйлдвэрлэсэн хэт хүчдэл хязгаарлагчийг нийт 35тулгуурт суурилуулав.
- Байгалийн гамшигт үзэгдэл, огцом хүйтрэлт, хүчтэй салхи, аадар борооны нөлөөллөөс 220 кВ-ын 203, 204 дүгээр ЦДАШ-ын тулгуур № 68, 220 кВ-ын 215, 216-р ЦДАШ-ын тулгуур №32, 110 кВ-ын Хархорин-А,Б ЦДАШ-ын №463-аас 486-р тулгуурууд мөн № 679-өөс 683-р тулгуурууд хугарсан аваарыг богино хугацаанд арилгаж, хурдан шуурхай гэмтлийг засварлан найдвартай ажиллагааг хангасан.
- 220/110/35 кВ-ын Чойр дэд станцаас буусан автотранформаторт бүрэн задаргаат их засварын ажил, 110/10 кВ-ын “Буянт-Ухаа” дэд станцын Т-2 трансформаторын гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэн, “Эрдэнэт” дэд станцад 63 МВа-ийн Т-1, Т-2 трансформатор, Баянхонгор дэд станцад 16 МВа-ийн Т-1 трансформатор, Мөрөн дэд станцад 6,3 МВа-ийн Т-3 трансформатор, Хархорин дэд станцад 15 МВАр-ын, Баянхонгор дэд станцад 5 МВАр-ын СВГ суурилуулж ажилд залгалаа.
- Ажилтны үндсэн цалинг тодорхой хувь хэмжээгээр үе шаттай нэмэгдүүлсэн.
- Компанийн алсын хараа, хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд шугам тоноглолын өнөөгийн төлөв байдал, тэдгээрийн ашиглалтад тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож, цаашдын чиг хандлагыг онол, судалгаа, шинжилгээ, хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн тодорхойлох, шийдвэрлэх зорилгоор “Инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн -2023”-ыг зохион байгууллаа.
- 220 кВ-ын Мандалговь-Арвайхээр, Багануур-Чойр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/10 кВ-ын “Парк” дэд станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэв.
- TORKLE – 930 маркийн багажаар 50 дэд станцын аккумуляторын байгууламжид хэмжилт хийж шаардлага хангахгүй болсон шулуутгагч болон аккумуляторын батарейг тодорхойлсон. Мөн OMICRON CPC-100 маркийн багажаар 220, 110 кВ –ын ЦДАШ-ын бодит эсэргүүцлийг хэмжиж микропроцессорын реле хамгаалалт болон аваарын бичигч төхөөрөмжид шугамын параметрийн бодит утгыг оруулсан.
Айлчлан ирж буй шинэ ондоо ололт амжилт бүхнээ бататган ахиулж, чин халуун сэтгэлээр ажил хөдөлмөртөө үнэнчээр зүтгэж, үлгэрлэн дагуулж, эх орны хөгжил дэвшлийн тулгуур болсон Эрчим хүчний салбартаа манлайлагч байгууллага болохын билэгтэй ерөөлийг өргөе! Шинэ оноо сайхан угтаарай.
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАШДАВАА