МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2019-07-10


Компанийн нийт хамт олон, үе үеийн ажилтнууд, тэдний гэр бүлд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай компанийн хамт олон 2019 онд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өмнөх жилүүдийн ололт амжилтаа бататган нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2018 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад 19-д эрэмбэлэгдэн шалгарч, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаа тэргүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын спортын их наадамд амжилттай оролцон салбарын үнэмлэхүй “Аварга баг”-аар шалгарч, 8 жилийн дараа дахин цомын эзэн болсон амжилтаар дэлхийд ганцхан Монгол наадмаа угтаж байгаадаа баяртай байна.  

Эрчим хүчний салбарын хэмжээнд 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлаж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд бид үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, Хүчит шонхор дэд станц, Сонгино-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг  ашиглалтад хүлээж авах, 107, 108, 109, 110 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг сайжруулах, 207, Айраг, Сайншанд, Замын-Үүд цахилгаан дамжуулах агаарын шугамыг үндсэн хамгаалалттай болгож нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, Алтай-Улиастайн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Мөн Ил хуваарилах байгууламж-4-ийн 125 мВА чадалтай автотрансформатор-1, 2-ыг зэрэгцээ ажиллах боломжтой болгох техникийн шийдлийг гарган барилга угсралтын ажлыг хийж, 2019 оны өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ ажлыг хийснээр Улаанбаатар хотын 110 кВ-ын их, бага тойрог сүлжээгээр дамжуулах цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлахгүй байх боломж бүрдэх юм.

Та бүхэндээ олсон ололт амжилтаа бататган улам ихийг хийж бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.    

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Б.НЯМСАМБУУ


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.