Мэндчилгээ

Нийтэлсэн: 2020-08-14


Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой, эрчим хүчний ажилтны баярын өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай хамт олон “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи ашиглан цахилгаан эрчим хүчийг найдвартай, үр ашигтай дамжуулах” эрхэм зорилгоо биелүүлж, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, өмнөх жилүүдийн ололт амжилтаа бататган Эрчим хүчний ажилтны баярын өдрөө угтлаа.

Бид 2020 онд үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлж, алдагдалгүй ажиллах, шугам, тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, шинэ техник технологи нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааг эрхэмлэж, эрүүл аюулгүй ажлын байр, ажиллах орчныг бүрдүүлэх, говийн цахилгаан эрчим хүчний хангамжийг 220 кВ-ын түвшинд шилжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, дэд станцуудыг категорчлох, шуурхай ажиллагааг сайжруулах, диагностик оношилгооны системийг нэвтрүүлэх, ухаалаг дэд станцын төсөл хэрэгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллаж байна.

Төлөвлөгөөт ажлуудаас гадна манай компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлаар Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110/10 кВ-ын 2х10 мВА чадалтай Тавантолгой түлш дэд станц, 5,7 км урттай 110 кВ-ын ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслөөр Тавантолгой, Цагаансуварга дэд станцын 35 кВ-ын хуваарилах байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. 

Эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, компанийнхаа болон салбарынхаа нийт хамт олонд Эрчим хүчний ажилтны баярын өдрийн мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ    Б.НЯМСАМБУУ


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.