Мэндчилгээ

Нийтэлсэн: 2020-12-28

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт хамт олон та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, шинэ оны мэнд дэвшүүлье.

Цаг хугацааны түүх болон улиран одож байгаа 2020 он бидний хувьд түүхэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, дэвшилтэт технологийг ашиглан дэвшүүлсэн зорилго, зорилтоо давуулан биелүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Тухайлбал:

110/10 кВ-ын Илч баян дэд станцын барилга угсралтын ажил болон 110 кВ-ын 5.7 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барих ажлыг гүйцэтгэж, сүлжээнд залгалаа. 220/110/35 кВ-ын 2Х125 МВа чадалтай Сонгино дэд станцыг төвийн эрчим хүчний сүлжээнд залгаснаар их тойргийн станцууд бүрэн ашиглалтад орж, ИХБ-4-Сонгино дэд станцын хооронд шилэн кабелийн дагуу дифференциал хамгаалалт, Сонгино-Эрдэнэт дэд станцын хооронд ДФЗМ маягийн шинэ хамгаалалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцыг 220 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлж, 30 МВАр-н СВК төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн ба Эрдэнэт дэд станцын 200 МВА чадалтай автотрансформаторын их засварын ажлыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Оюутолгойн орд газрын зарим хэрэглээг нэгдсэн сүлжээнээс хэсэгчлэн хангах 35 кВ-ын Оюу-А,Б агаарын шугамыг ашиглалтад хүлээн авлаа. 203, 204-р агаарын шугамын утас, тросс болон 205, 206-р агаарын шугамд шилэн кабель бүхий аянгын тросс солих ажлыг гүйцэтгэж, 103-106-р агаарын шугамд гурван төгсгөлт үндсэн хамгаалалт оруулж, 220/110/35 кВ-ын Тавантолгой 2020/22/35 кВ-ын Цагаансуварга дэд станцуудын 35 кВ-ын хуваарилах байгууламжид өргөтгөл шинэчлэлт хийсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Эрчим хүчний яамнаас 2020 оныг “Хүний нөөцийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан компани 30 нэр төрлийн ажлыг төлөвлөн амжилттай зохион байгууллаа.

Коронавирусийн цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт хийн цалин хөлсөө хязгаарласан энэ цаг үед бид компанийн нийт ажилтныхаа цалин хөлс, урамшууллыг хэвийн олгож, төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэн өндөржүүлсэн болон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Ирэх 2021 онд цар тахлын хүнд цаг үеийг хамтын хүчээр даван туулж, амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, шинэ санаачилгыг эрэлхийлсэн жил байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Компанийн их түүхийг бичилцэж яваа ахмад буурлууд, нийт хамт олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

 

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ       Б.НЯМСАМБУУ

 

 

 

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.