Мэндчилгээ

Нийтэлсэн: 2021-07-10

Монгол улсын Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 30, Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 99 жил, үндэсний их баяр наадмын мэндийг салбарын болон компанийн нийт хамт олондоо хүргэе.

Коронавируст халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа энэ цаг үед манай компани цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулах үүргээ хариуцлагатай биелүүлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Цагаансуварга уурхайн Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн 159,4 км урт 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, 2*75 МВА-ын чадалтай 220/22/35 кВ-ын Цагаансуварга дэд станцыг 220 кВ-ын хүчдэлд залгах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. 110/6 кВ-ын Үйлдвэр дэд станцын трансформаторын реле хамгаалалтыг дотоодын нөөц бололцоогоо ашиглан 6 дугаар сард шинэчилж дуусгалаа. Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар өргөтгөх ажлын хүрээнд Эрдэнэт дэд станцын 110 кВ-ын ИХБ-ийг өргөтгөн шинээр нэг гаргалгааны ячейк угсарч, бэлэн болгосон. Мөн байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр унасан 207-р АШ-ын тулгуур №538-541-ийн сэргээн босгох ажлыг мэргэжлийн түвшинд түргэн шуурхай гүйцэтгэж чадсан.

Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг үндэсний их наадам бол морьтон ардын уламжлал, түүх, соёл, ёс заншлын цогц, төрт ёсны өв билээ. Энэ их өв соёлыг тээгч, дэлгэрүүлэгч нь болсон наадамчин олон, бөхчүүд, харваачид, уяачдын маань өмнө дэлхий нийтээр нөмөрсөн цар тахлын хүнд бэрх үе тулгарсан хэдий ч монгол өв уламжлалаа сэтгэл оюундаа тээн үр ач нартаа бахархан хүүрнэж, үндэсний уламжлалаа бататган эрүүл энх цагийг билэгдэн сэтгэл тэнэгэр, сайхан наадахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                Б.НЯМСАМБУУ


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.