Мэндчилгээ

Нийтэлсэн: 2019-12-30

Компанийнхаа хамт олон та бүхний амар амгаланг айлтгаж, шинэ оны мэнд дэвшүүлье.

Бидний хувьд улирч буй 2019 онд дэвшүүлсэн зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээр дүүрэн, бүтээн байгуулалт өрнөсөн он жил байлаа.

Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласантай холбогдуулан 30 нэр төрлийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Манай хамт олон 2019 онд 220/110 кВ-ын ИХБ-4 дээр автотрансформатор-1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах, 220/110/35 кВ-ын Эрдэнэт дэд станцын 200 МВА хүчин чадал бүхий автотрансформатор-2-ыг засварлах, 110/10 кВ-ын Хүчит шонхор дэд станцыг шинээр барьж, ашиглалтад оруулах, 107, 108, 109, 110-р цахилгаан дамжуулах агаарын шугамын утас солих, 110/10 кВ-ын 2x25 МВа-ийн хүчин чадал бүхий ПРП-110 дэд станцыг өргөтгөх, Алтай-Улиастайн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулах зэрэг төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэлээ.

Тус компани “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарч, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаа  тэргүүлсэн бөгөөд Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан “Спортын их наадам-2019” тэмцээнд амжилттай оролцож, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудаа тэргүүлэн, “Үнэмлэхүй аварга баг”-аар шалгарч, өмнөх амжилтаа бататган цомын эзэн болов.

Компанийн хэмжээнд аюулгүй ажиллагааг чанд мөрдөн, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлж, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажилласны үр дүнд аваар сааталгүй ажиллаж, тоноглолын хэвийн ажиллагааг ханган, цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулсан амжилтаар шинэ оноо угтаж байна.

Цаг хугацааны түүх болон үлдэж буй хуучин оноо амжилт бүтээлээр үдэж, ирж буй шинэ оноо хийж бүтээх урам зоригоор угтаж байгаа хамт олон та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. 

 

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ     Б.НЯМСАМБУУ


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.