2022.01.26-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК гарын үсэг зурлаа. Оюу толгой уурхайн хувьд цахилгаан эрчим хүч амин чухал хэрэглээ бөгөөд гүний уурхайг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа энэ цаг үетэй давхцан эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал үйл явдал болж байна. Ингэснээр гүний уурхай дахь ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой бөгөөд гүний уурхайн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой ажиллах нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газраас Өмнөд говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаансуварга, Шивээ-Овоо ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүний хүрээнд дээрх орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ (киловольт)-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан.
Мөн 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсоноор Оюу толгойн уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох юм.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.