Монгол улсын Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын дагуу Мэдээллийн аюулгүй байдлын ICO/IEC 27001, 27002 стандартуудад нийцүүлэн ЦДҮС ТӨХК-ийн мэдээллийн технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүд болон компанийн мэдээллийн аюулгүй байдлын журмыг боловсруулан батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрчим хүчний яамнаас зарласан “Ухаалаг эрчим хүчний жил”-ийн ажлын хүрээнд компанийн дижитал шилжилт хийх бодлого, стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө гаргаж, дээрх ажлуудтай уялдуулан Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ICO/IEC 27001,2013 олон улсын стандартыг компани (төв удирдлага) хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж, төслийн ажлаа эхлээд байна.
Төслийн зөвлөхөөр “Секьюрити солюшн, сервис, консальтинг” ХХК шалгарсан бөгөөд төслийн анхны танилцуулах уулзалтыг 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдөр компани дээр зохион байгууллаа.
Уулзалт дээр “Секьюрити солюшн, сервис, консальтинг” ХХК-ийн ерөнхий аудитор, доктор (PhD), профессор,Т.Халтар мэдээллийн технологийн хөгжлийн олон улсын чиг хандлага, кибер халдлагын тойм, Монгол Улсын кибер аюулгүй байдлын орчин, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын талаарх товч ойлголтыг өгч, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ICO/IEC 27001,2013 стандартын бүтэц, хэрэгжүүлсний дараа гарах үр дүн, ач холбогдлыг тайлбарлаж, харилцан санал солилцлоо.
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ICO/IEC 27001,2013 олон улсын стандартыг хэрэгжүүлж, олон улсын сертификат авсанаар найдвартай хэрэглэгч гэдгээ нотлон харуулж, байгууллагын нэр хүнд тэр хэрээр өсч, “Ухаалаг сүлжээ” болох технологийн суурь тавигдах чухал ач холбогдолтой юм.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.