Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн зүүн бүсэд шинээр үйлдвэр байгуулах шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэрийг үндэслэн Эрчим хүчний сайдын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/938 тоот албан бичгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдах Тавантолгой ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”-ийн цахилгаан хангамжийн зориулалттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 110 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэг чиглэлийг манай компанид өгсөн.
Ажлын эзлэхүүн
Манай компани 110 кВ-ын хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 110/10 кВ-ын хүчний трансформатор хүртэлх болон реле хамгаалалт автоматик, удирдлага, төв дохиоллын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа ба дотоод нөөц бололцоогоо ашиглан батлагдсан төсөвт зардлаас хоёр дахин бага өртгөөр гүйцэтгэж байна.
Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг Улаанбаатар салбар хариуцан гүйцэтгэсэн. Уг ажлын хэсгийн даргаар компанийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа, гишүүдэд Улаанбаатар салбарын дарга Ч.Мөнхпүрэв, ерөнхий инженер Д.Жаавай болон бүх албадын дарга нар удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажилласан. Дэд станцын засвар угсралтын ажлыг Засварын албаны ахлах бөгөөд засварын инженер С.Ариунбат, шугамын угсралтын ажлыг шугамын засварын инженер Б.Ганхуяг, реле хамгаалалтын монтажийн ажлыг Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын албаны ахлах бөгөөд реле хамгаалалт, автоматикийн инженер Д.Өлзийсайхан нараар ахлуулсан 90 хүний бүрэлдэхүүнтэй, 10 гаруй машин механизмтай бригад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дэд станцын анхдагч болон хоёрдогч хэлхээний угсралтын ажил, түүнчлэн туршилт тохируулгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр техникийн комисс ажиллаж цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын тоноглолыг хүчдэл дор амжилттай залгаснаар Тавантолгой шахмал түлшний ажил бүрэн дууслаа.
110/10 кВ-ын Илч баян дэд станцын угсралт ажил
110/10 кВ-ын Тавантолгой түлш дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралт
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.