Өргөн дэлгэр Монгол орныхоо өнцөг булан бүрт эрчим хүчний салбартаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа салбарын болон компанийхаа нийт хамт олонд “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Коронавируст халдварын нөхцөл хэвээр байгаа энэ цаг үед манай компани цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулах үүргээ хариуцлагатай биелүүлэхээс гадна бүтээн байгуулалт, угсралт, засварын ажлуудыг шат дараатайгаар гүйцэтгэж байна.
220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын АТ-1-д задаргаат их засварын ажлыг хийж гүйцэтгэн тус тоноглолыг удаан хугацаанд найдвартай ажиллах боломжийг бүрдүүлж Улаанбаатар хотын 110кВ-ын бага тойрог сүлжээгээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцлийг сайжрууллаа. Мөн 220/110/35 кВ-ын Багануур дэд станцын 220кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөлийн ажилтай уялдуулан 220кВ-ын шинийн хамгаалалтыг ажиллуулж эхлээд байна. 110кВ-ын Сайншанд-Замын Үүдийн ЦДАШ-ын 19 км дамжуулагч утсыг солих ажлыг салбарын хэмжээнд нэгдсэн бригадаар хийж гүйцэтгэлээ. Ингэснээр Чөлөөт бүс болон хилийн бүс нутгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн ажиллагаа дээшилсэн.
Ардын хувьсгалын 100 жил, Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойгоор манай салбар амжилт бүтээл арвин байж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 8, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр 12, Эрчим хүчний яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 9 ажилтан тус тус шагнагдаж төр, түмэн олондоо үнэлэгдлээ.
Төлөвлөгөөт ажлын хүрээнд 110/35/10кВ Даланзадгад дэд станцад нумын хамгаалалт оруулах их засварын ажлыг хийхээр зорьж байна. Тус ажлыг гүйцэтгэснээр 10кВ-ын ячейкуудын кабелийн оруулгын насжилт нэмэгдэх төдийгүй тоноглолын гэмтлийг багасгах үр дүнд хүрэх юм. Үүнээс гадна Эрдэнэтийн ДЦС-ын 35 кВт-ын өргөтгөлийг эрчим хүчний системд холбох 110 кВ-ын шугам, тоноглолын угсралтыг техникийн комиссоор хүлээн авч, туршилт тохируулгын ажлуудыг эхлүүлсэн. Мөн 110/35/6 кВ-ын Зүүнхараа дэд станцын СХТ-110кВ-ын элегаз болон 3 ширхэг МКП оруулга солихоор бэлтгэл ажлыг хангаад байна.
Ололт амжилт бүхнээ бататган ахиулж, дэлхий нийттэй мөр зэрэгцэн хөгжиж дэвшихийн төлөө бид хичээж байна.
Гэрэл гэгээтэй ирээдүйн бат бэх шугам болсон салбарын хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК
Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.