Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Н.Тогоон хөшөөнд цэцэг өргөв

Нийтэлсэн: 2019-08-16

Эрчим хүчний салбарын ууган инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Намсрайн Тогоон 95 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болов. Ёслолын ажиллагаанд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн удирдлага, хамт олон, хамтран ажиллаж байсан ахмад ажилтнууд, түүний үр хүүхдүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Намсрайн Тогоо нь 1947 оноос хөдөлмөрийн гараагаа Улаанбаатар хотын төв цахилгаан комбинатаас эхэлж, инженер, ерөнхий инженер, станцын дарга, яамны орлогч сайдаар тус тус ажиллаж байсан. 1965 онд Эрчим хүчний удирдах газар байгуулагдахад Аж үйлдвэрийн яамны орлогч сайд бөгөөд Эрчим хүчний удирдах газрын анхны даргаар ажиллаж байсан.  

Эрчим хүчний үндэсний ууган инженер, тухайн салбарын туршлагажсан удирдах ажилтан Намсрайн Тогоо нь эх орны төвийн районд томоохон цахилгаан станцууд, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээг барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох, түүнийг боловсон хүчнээр бэхжүүлэх, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж, үр ашгийг дээшлүүлэх ажлыг биечлэн удирдаж хэрэгжүүлсэн гавьяатай юм. Түүний хөдөлмөр зүтгэлийн гавьяаг үнэлж, алдаршуулан хөшөөг нь хуучин Эрчим хүчний удирдах газар байсан, одоогийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төв байрны өмнө талд босгосон билээ.

 

 

 

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.