Эмгэнэл

Нийтэлсэн: 2026-02-10

Эрчим хүчний салбарын ууган инженер, шилдэг мэргэжилтэн, эрхэм хүндэт ахмад настан Галсанцэвэлийн Өлзийбат хүнд өвчний улмаас таалал төгсөж, төрөл төрөгсөд, төрөлх хамт олон, салбарын нөхдөө уй гашууд автуулан тэнгэрт дэвшлээ.

Тэрээр 1942 онд төрж, нийслэлийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын Харьковын Политехникийн дээд сургуулийг цахилгаан шугам сүлжээний инженер мэргэжлээр амжилттай дүүргэсэн билээ.

Г.Өлзийбат инженер 1965 онд Аж үйлдвэрийн яамны томилолтоор шинээр байгуулагдсан Эрчим хүчний үйлдвэрүүдийг удирдах газрын харьяа Дархан–Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газрын анхны ерөнхий инженерээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тэрээр байгууллагын удирдлагын бүтцийг төлөвшүүлэн тогтоож, улсын хэмжээнд анхлан баригдаж байсан 110 кВ-ын өндөр хүчдэлийн шугам, техник тоноглолын угсралтын ажилд мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, улмаар ашиглалт, үйлчилгээний технологид мэргэшүүлэн чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн нь цахилгаан сүлжээний найдвартай ажиллагааг олон жил хангах бат бөх суурь болсон юм. Түүний мэдлэг чадвар, удирдах арга барил, ажилдаа үнэнч хандлага нь хамт олныхоо сэтгэлд гүн хоногшин үлджээ.

Мөн Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Эрчим хүчний хэлтэст цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр дэвшин ажиллахдаа салбарын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын норматив, цахилгаан сүлжээний техникийн алдагдлын норм, хөдөлмөр болон материалын зарцуулалтын тооцоо, цахилгаан дамжуулалтын үр ашгийг дээшлүүлэх техникийн баримт бичгүүдийг шинээр боловсруулан мөрдүүлэх ажлыг удирдан хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Цахилгаан шугам сүлжээний газрын үйлдвэрлэлийн баазыг байгуулах үндэслэл, төлөвлөлтийг боловсруулж, улсын хөрөнгө оруулалтаар ЗХУ-ын тусламжаар барьж байгуулах шийдвэрийг гаргуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нь түүний мэргэжлийн өндөр түвшин, алсын харааг илтгэнэ. Эдгээр гавьяат үйлс нь үнэлэгдэж, тэрээр салбарын шилдэг мэргэжилтнээр шалгарч байлаа.

Цахилгаан шугам сүлжээний чиглэлээр мэргэшсэн инженер Г.Өлзийбатын эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй, нэр төртэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Түүний эрчим хүчний салбарын хөгжил дэвшлийн төлөө зориулсан уйгагүй зүтгэл, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн үнэт өв нь үеийн үед дурсагдан мөнхрөх болно.

 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хамт олон

2026.02.12


© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.