Мэндчилгээ

Нийтэлсэн: 2021-12-31

Эх орондоо илч гэрэл түгээх үйлсэд бие сэтгэлээрээ зүтгэж байгаа салбарын болон компанийн инженер техникийн ажилтан, албан хаагч, нийт хамт олондоо шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Айлчлан ирж буй 2022 онд Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жил, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 55 жилийн ой тохиох түүхэн цаг үеийн өмнө бид зогсож байна.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын нөхцөл байдал хэвээр үргэлжлэх энэ цаг үед манай компани цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулах эрхэм үүргээ хариуцлагатай биелүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, шугам тоноглолын шинэчлэлт, угсралт засварын ажлуудыг хэвийн гүйцэтгэж шинэ онтой золгож байна.  

Амжилт, ололт арвинтай үдэж байгаа 2021 онд манай хамт олон 220/110/35 кВ-ын Эрдэнэт дэд станцын 200 МВА-н хүчин чадалтай АТ-1 автотрансформаторын бүрэн задаргаат их засварын ажлыг Украйн улсын ЗТЗ сервис компанитай хамтран хийж, ашиглалтад 100% хүлээн авсан. 220/110 кВ-ын ИХБ-4, 220/110/35 кВ-ын Эрдэнэт, Дархан дэд станцуудыг холбох 220 кВ-ын 201, 202, 203, 204, 208 дугаар агаарын шугамын цахилгаан соронзон механик реле хамгаалалтыг сүүлийн үеийн микропроцессор бүхий ДФЗМ маягийн ТОР-300, SEL-411L реле хамгаалалтуудаар шинэчлэн сольсон нь 220 кВ-ын АЛТАН ГУРВАЛЖИН-ийн найдвартай ажиллагаа, эрчим хүчний системийн тогтворжилтыг хангасан томоохон ажил болсныг дурьдах нь зүйтэй. Түүнчлэн 220/22/35 кВ-н Цагаансуварга дэд станцыг 220 кВ-ын хүчдлийн түвшинд шилжүүлж, ачаалалд залгаснаар 11 дэх 220 кВ-ын станцаа ашиглалтанд хүлээж авлаа. 110/35/10 кВ-ын Баянчандмань дэд станцыг транзит дэд станц болгон схемийн өөрчлөлт хийж, 117,118-р агаарын шугамын үндсэн хамгаалалтыг ажилд оруулан 110 кВ-ын транзит дэд станцын тоог нэгээр нэмэгдүүлж чадлаа. Компанийн бүх салбарыг төв удирдлагатай холбосон холбооны нэгдсэн системийг шинээр нэвтрүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар салбарын шилэн кабельд холбогдсон 20 дэд станцыг SIP холбоогоор холбон шуурхай ажиллагааны суурь сүлжээг үүсгэж, компанийн нэгдсэн холбооны системд холбох ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. 220/110/35 кВ Багануур дэд станцын 220 кВ ИХБ-ын схемийн өөрчлөлт хийж, анхдагч хэлхээний схемийн найдвартай ажиллагааг, 220 кВ I, II систем шинд ДЗШ, УРОВ хамгаалалт шинээр суурилуулж, РХА-н найдвартай ажиллагааг тус тус дээшлүүллээ. 220/110 кВ-н ИХБ-4-ийн 220 кВ-ын 1, 2, 3, 4-р систем шин, Той.СШ-1-н нийт 14 иж бүрдэл бүхий хүчдэлийн трансформатор, 208, 114, 116 дугаар агаарын шугамын багтаамжийн хүчдэлийн трансформаторыг шинэчлэн системийн найдвартай ажиллагааг хангасан. Улаанбаатар дэд станцын 11 ком 110 кВ хуурай салгуур, Яармаг дэд станцын 10 кВ-ын 27 ком ячейкийг реле хамгаалалт автоматикийн хамтаар, Шарын гол дэд станцын Т-1, Т-2, 6 кВ-н секцийн реле хамгаалалт, дотоод хэрэгцээний тоноглол болон 110 кВ-н ЦШ-1, 2-г шинэчилж, олон жилийн насжилттай, хуучирсан тоноглолын эрсдлийг бууруулсан өндөр үр бүтээлтэй ажил болсон. 225 дугаар агаарын шугамын тулгуур №707-356-н хооронд 1-р фазын хоёр ширхэг элемент болон ПР маркийн дундын звено хасах ажлыг гүйцэтгэн коронжилт ихтэй байсан тулгуур № 708-712-н хооронд гурван фазын дамжуулагч утсыг уртын дагуу сольсноор тасралтын тоог бууруулах, системийн тогтвортой байдлыг хангахад ач холбогдол бүхий томоохон ажлын нэг боллоо. 110/35 кВ-ын ИХБ-3-ын төв удирдлагын панелийг иж бүрэн шинэчлэх, алсын удирдлага, хяналтын HMI-тай системтэй болгох, удирдлагын байрны их засварын болон барилгын өргөтгөлийн, Сонгино дэд станц, ИХБ-4-т АУРА-07-г шинээр угсарч монтажлах ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгалаа.

Эрчим хүчний салбарын болон компанийн хамт олондоо хөгжил дэвшил бүхний нэгэн түүчээ болох ирж буй шинэ ондоо эрүүл энх, саруул сайхан байж, Монгол улсын эрчим хүчний салбарыг мандуулах их үйлст өндөр амжилт хүсье.

 

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НЯМСАМБУУ

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.